2013-04-19

Скрум програм хангамж хөгжүүлэлтийн аргачлалыг 10 минутанд сурах

Энэхүү хурдавчилсан зааврыг ашиглан та болон танай компани “Скрум” програм хангамж хөгжүүлэлтийн аргачлалыг хэрхэн өдөр тутмын ажилдаа ашиглах талаар анхан шатны ойлголттой болох болно.

Скрумийн талаар товчхон 

Скрум бол төслийн менежментийн аргачлалуудаас сурах болон хэрэгжүүлэхэд хялбар байж болох аргачлалуудын нэг юм. Энэ зааварт би та бүхэнд Скрумийн талаар ерөнхий ойлголтууд болон хэрхэн энэ менежментийн арга, хэрэгслийг компани дээрээ ашиглаж болох талаар зөвлөгөө өгөх болно.

Скрумийн үндсэн ойлголтууд

Скрумийг (байгууллага дээрээ) нэвтрүүлэхээс өмнө дараах Скрумийн талаархи үндсэн ойлголтуудтай танилцах хэрэгтэй.
  1. Спринт (Sprint) – Тодорхойлсон зорилтуудад 30 хоногт багаараа хүчин зүтгэл гарган хүрэх гэсэн оролдлого. 
  2. Бүтээгдэхүүний жагсаалт (Product Backlog) – Эрэмбэлэгдсэн хийх ажлын жагсаалт.
  3. Спринт жагсаалт (Sprint Backlog) – Бүтээгдэхүүний жагсаалтаас хамгийн түрүүлж хийх шаардлагатай ажлуудын жагсаалт. 
  4. Скрум ахлагч (Scrum Master) – Бүтээгдэхүүнийг хийх багийн дасгалжуулагч бөгөөд спринтийн зорилтуудад хүрэхэд шаардлагатай бүх зүйлсийг энэ хүн хийх болно. 
  5. Бүтээгдэхүүний эзэн (Product Owner) – Хэрэглэгчийг төлөөлөх бөгөөд жагсаалтанд байгаа ажлын эрэмбийг тодорхойлох үүрэгтэй. 
  6. Скрум баг (Scrum Team) – Өөрсдийгөө зохион байгуулах чадвартай ба хийсэн ажилдаа хамт олноороо хариуцлага хүлээх 5-9 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг.
Скрум процесс

Скрумтай холбоотой үндсэн ойлголтыг авсан дараа одоо Скрум процесс хэрхэн ажилладгийг алхам, алхмаар харцгаая.
  1. Жагсаалт үүсгэх – Энэ алхамд “бүтээгдэхүүний эзэн” ба “скрум баг”-ийнхан “бүтээгдэхүүний жагсаалт”-нд оруулах ажлууд болон тэдгээрийн эрэмбийг тодорхойлохоор уулзах болно. “Бүтээгдэхүүний эзэн” нь бүтээгдэхүүний үндсэн зорилгыг тодорхойлох чадвартай (эрх мэдэлтэй) байх ёстой. Нэг ёсондоо “бүтээгдэхүүний жагсаалт” бол төслийн хүрээнд хийх ёстой ажлуудыг хийх дарааллаар нь эрэмбэлсэн жагсаалт юм. 
  2. “Бүтээгдэхүүний эзэн” нь “бүтээгдэхүүний жагсаалт”-ыг үүсгэсний дараа “спринт төлөвлөх уулзалт”-ыг зохион байгуулна. Уулзалтын хамгийн эхэнд “бүтээгдэхүүний эзэн” нь програм зохиох багт төслийн зорилго ба “бүтээгдэхүүний жагсаалт”-ыг тайлбарлаж өгнө. Үүний дараа “скрум баг” нь “бүтээгдэхүүний жагсаалт”-аас хамгийн өндөр эрэмбэтэй ажлуудыг энэ спринт-д хийж дуусгахаар сонгох болно. 
  3. Хийх ажлаа сонгож дууссаны дараа энэ спринт-ийн боломжит хуваарийг багийн гишүүдийн төсөлд зарцуулж чадах цагийг тооцсоны үндсэн дээр зохионо. “Бүтээгдэхүүний жагсаалт”-аас энэ спринт-д хийхээр сонгосон ажил бүрийг бие даан хийж болох хэсгүүдэд хуваана. Ингэснээр “спринт жагсаалт” бэлэн болно. 
  4. Спринт эхлэх ба 15-30 өдрийн турш үргэлжилнэ. Спринтийн үед жагсаалтанд өөр ажил нэмэхгүй. (Багийн гишүүд хийх ажлаа спринт жагсаалтаас сонгож, сонгосон ажлаа хийж дуусгах хүртэл өөр ажил авахгүй) 
  5. Спринт эхлэхэд “өдөр тутмын уулзалт” эхэлнэ. “Өдөр тутмын уулзалт” бол 15 минутын хугацаанд хийгдэх багийн гишүүн бүр хамгийн сүүлийн “өдөр тутмын уулзалт”-аас хойш өөрийн хийсэн зүйл, хийхийг хүсэж байгаа зүйл, тулгарсан асуудлын талаархи тайланг багийн бүх гишүүдэд тайлагнах уулзалт байх болно. Энэ явцад “скрум мастер” нь тулгарсан асуудлуудыг тэмдэглэн, уулзалтын дараа шийдвэрлэх гэж оролдоно. 
  6. Спринт дууссаны дараа “спринт дүгнэх уулзалт” хийнэ. Энэ уулзалтыг хийх үед бүгд цуглан тухайн хүн спринтийн турш хийж дуусгасан ажлаа бусдад тайлагнах болно. 
  7. “Бүтээгдэхүүний жагсаалт”-нд үлдсэн ажлуудаас шинээр эрэмбэлэгдсэн хийх ажлын жагсаалт дахин бий болгох замаар энэ процесс дахин давтагдах болно.
“Скрум процесс” товчхондоо дээрхи зарчмаар явагдана. Энэхүү мэдлэгийг ашиглан та өөрийн компанидаа “Cкрум”-ийг нэвтрүүлж болох боломжтой боллоо.

Эх сурвалж: http://www.brighthubpm.com/agile/6549-a-quick-scrum-tutorial/

No comments:

Post a Comment