2013-03-18

Компьютер тоглоомын талаарх саналаа хуваалцахуй...

6 жилийн өмнө ингэж бичиж байжээ. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаа байх гэж бодож байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд нүдэнд үзэгдчихээр юм тун чиг цөөхөн хийсэн юм шиг.

Үүнийг бичигч миний бээр анх 7 настай байхдаа өмнөд хөршөөс ихээр орж ирсэн тоглоом тоглуулагчаар хоёр хэмжээст ялаа буудах (Galaxy), теннис (Ping Pong) мэтийн тоглоомуудаар “тоглоомын гараагаа” эхэлсэн нэгэн. Улмаар 12 настайгаасаа Sega, 15 настайгаасаа Sony Playstation, 16 наснаасаа PC тоглоом, товчоор бол өнөөг хүртэл “тасралтгүй” тоглож байна. Иймээс ер нь компьютер тоглоом гэж юу болох, тоглодог хүмүүс нь ямар хүмүүс байсан, байгаа болон болох талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх үүднээс энэхүү нийтлэлийг бичиж байна.

Өдгөө компьютер тоглоом эрчимтэй хөгжиж, гурван хэмжээст Warcraft3: The Frozen Throne, Prince of Persia, Call of Duty 2, FIFA2007 зэрэг тоглоомууд олны анхаарлыг татаж байна. Анх хүмүүс компьютер тоглоомыг зугаагаа гаргах, цаг нөхцөөх, сонирхох замаар тоглодог байсан бол өнөөдөр мэргэжлийн тамирчин болох, мөнгө олох зорилго өвөрлөн тоглодог болжээ. 

Дэлхий дахинаа компьютер тоглоомчид өөрсдийгөө кибер тамирчин хэмээн нэрийдэн компьютер тоглоомын тэмцээн олимпийн хэмжээнд зохион байгуулах болжээ. Зарим кибер тамирчны жилийн орлого 1 сая ам.долларт хүрч, тэмцээнүүдийнх шагналын сан ч гэсэн төдий хэмжээгээр өсч байна. 

Дэлхийд хүчээ авсан компьютер тоглоом манай улсад ямаршуухан байна вэ? Бид өнөөдөр хаана, хаашаа явна вэ? Статистикийн мэдээнээс үзвэл өнөөдөр манай улсад 170 гаруй PC тоглоомын газар, интернэт кафе байдаг аж. Эдгээр төвүүдэд дунд сургуулийн сурагчид, оюутнууд, 25-30 насны залуучууд гол төлөв тоглодог. Зарим PC тоглоомын төвүүд нь “байнгын үйлчлүүлэгчид” буюу өдөр шөнөгүй тоглоод суудаг бүлэг залуус, хүүхдүүдтэй болсон байна. Түүнчдэн зарим тоглоомчид ганцаараа болон баг болон мөрийтэй тоглох, эсвэл тэмцээнд оролцох бэлтгэл хийдэг болжээ.

Гэвч аливаа зүйл сайнтай, муутай байдгийн нэгэн адилаар компьютер тоглоомыг тойрсон төрөл бүрийн асуудал бий. Уншигч та ч гэсэн компьютер тоглоомын сөрөг талыг баримт нотолгоотойгоор баталсан, нөгөөтэйгүүр тоглоомын ач холбогдлыг магтан дуулсан мэдээ, өгүүлэлтэй нэг бус удаа таарсан буй заа. Манайханд тоглоомоос улбаалан дараах асуудлууд гарч байна гэж би боддог. 

За ингээд надад байгаа сайн, муу мэдээний муугаас нь эхэлье.
  • Өнөөдөр тоглоомын газруудад эцэг эхийн хараа хяналтаас гадуур ердөө л 9, 10 настай бяцхан хүүхдүүд томчууд тоглоход ч хэцүү гэмээр хүчирхийлэл, түрэмгийлэл, алаан хядаан, харгислал бүхий цус урсгасан хэрцгий тоглоомыг тоглож байгаа нь тун эмгэнэлтэй.
  • Зарим тоглоомчид архинд донтдогийн нэгэн адилаар компьютер тоглоомонд донтож байна. Донтох гэдэг нь хий юм хардаг, эсвэл компьютер тоглоом тоглохын төлөө юу ч хийхээс буцахгүй (тоглоом тоглох мөнгө олох, цаг гаргахын тулд эцэг эхдээ, бусдад худал хэлдэг) болсон байна. 
  • Эрэгтэй сурагчид сургууль дээрээ хичээл номоо бус, компьютерийн тоглоом ярьдаг, СД болон код солилцдог, “туршлагаа хуваалцдаг”, хичээлээ хийдэггүй, давтдаггүй тийм нэгэн нийтлэг дүр зураг дунд сургуулиуд дээр та харж болно. 
  • Компьютер тоглодог хүмүүс нэг тоглохоороо дор хаяж нэг цаг, заримдаа бүр 10 цаг хүртэл тоглодог. Хонох бол хэвийн үзэгдэл болсон гэж хэлж болно. Энэ тохиолдолд компьютерийг удаан хугацаагаар хэрэглэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тоглогчид болон тоглуулагчид хэн хэн нь мартдаг нь харамсалтай. Хөдөлгөөний дутагдалд орох, гар сарвууны өвчтэй болох, харааны гажигтай болох зэрэг олон сөрөг асуудал бий.
Одоо сайн мэдээгээ дуулгая.
  • Хүүхдийн оюуны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Гэхдээ бүх тоглоомууд биш шүү.
  • Тодорхой хэмжээгээр тоглодог хүмүүс нэг хамт олон болох буюу найз нөхөрлөлийг үүсгэдэг. Хамт олны уур амьсгалыг бүрдүүлдэг гэсэн үг.
  • Кибер тамирчин буюу мэргэжлийн тоглоомчин нь спортын бүх сайн сайхан чанаруудыг эзэмшдэг. 
  • Танин мэдэхүйн ач холбогдолтой. Жишээлбэл, онгоц удирдах тоглоом тоглож байх үед яг дотор нь сууж байгаа юм шиг орчинд онгоцоо удирдах тул энэ талаар тодорхой хэмжээний ойлголт авч болно 
Ингэхэд дээр дурдсан компьютер тоглоомын муу муухай талаас хүмүүсийг сэргийлэх, сайн сайхан талыг сурталчлах ажлыг хэн хийх вэ? Үүнийг компьютер тоглоомын сайн мууг мэдэх туршлагатай хүмүүсийн тусламжтайгаар холбогдох байгууллагууд хийх ёстой болов уу. Үүний нэг бол компьютер тоглоомчдыг төлөөлдөг байгууллага болох Монголын Кибер Спортын Холбоо гэж би боддог. Гэвч энэ байгууллагын үйл ажиллагаа нь компьютер тоглоомын тэмцээн зохион байгуулахаас цааш хэтэрдэггүй нь харамсалтай. Зүй нь тоглоомын төвүүдийн ажилтнуудад эрүүл ахуйн сургалт явуулах, компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар сурталчилгаа явуулах зэргээр ажиллах хэрэгтэй юм шиг. 

Эцэст дүгнэн хэлэхэд өнөөдөр манай улсын компьютер тоглоомчдын байдал эгзэгтэй үедээ байгаа бөгөөд хатуухан хэлэхэд нэг бол кибер спорт рүү шилжих, эсвэл эсвэл хүүхэд залуусаа компьютер тоглоомонд алдах ийм л 2 ирээдүй хүлээж байна.

No comments:

Post a Comment