2013-03-16

Монгол тоолол хийгээд Чингис хааны төрсөн он тэргүүтний тухайд

Мэдүүштэй нийтлэл байна. Эх сурвалж: http://news.gogo.mn/r/73709

XIII-XIV зууны дэлхийн дахины түүхийг голлон бичигсэд нь Монголчууд агаад тэр цагийн Монголын түүх гэвээс дэлхий дахины түүх болой. Тиймээс тэр үеийг түүхчид "Монголын эрин", "Монголын үе" хэмээн нэрийддэг. Хэдийгээр Монголын түүхэнд нэлээд гайгүй судлагдсан нь Их Монгол Улсын үе гэж болох боловч одоогоор бид тэрхүү далай их түүхийн эрэг ирмэг төдийхөнд хүрч хөлгүй их усан дайдынх нь хөвөөнд хөлөө дүрэх төдийхөн зогсож буй бөлгөө.

Тиймээс бидэнд судалж тодотгох зүйл алхам тутамд тохиолдож буйн нэг нь түүх сударт тэмдэглэгдсэн он цагийг орчин үеийн нийтийн тоололд үнэн зөв хувилган таацуулах асуудал юм.

Дорно дахины цаглабарууд болох 12 жилийн тооллын хэлбэр Хүннү буюу тэр цагийн нүүдэлч, малчдаас гаралтай гэж судлаачид үздэг агаад улс үндэстэн бүр өөр өөрийн амьдралын хэв заншилд тохирсон цаг тооллын хувилбар, тогтолцоотой байсан билээ. Дундад эртний тэртээ нэгэн цагт дэлхий дахиныг тэргүүлэн төвшитгөж асан Монголчууд ч эртний соёлт улс үндэстний нэгэн адил мөн өөрийн гэсэн цаглабар, он тоололтой байсан нь түүх сударт хадгалагдан үлджээ.

Гагцхүү түүнийгээ өрлөг түүхийн харанхуй манан, цагийн сүүдэрт төөрөгдөн нэгээхэн хэсэгтээ умартаж орхисон нь өдгөө биднийг будилж мунгинахад хүргэх нэгэн хүчин зүйл болж байна.

Чингэхийн үндэс суурь нь Монголчууд өөрийн гэсэн өвөрмөц цаглабар, зурхайтай байсан гэдгийг ор тас мартаж орхиод шарын шашинаар дамжин орж ирсэн гадаадын он тооллыг, тухайлбал билгийн тооллыг (Төгс буянтын болон "Шар" зурхайг) өөрийн мэт сэтгэж, Монгол үндэсний хийгээд тэдгээр тооллын ялгаа зөрөөг ажиглахаа байсан явдал юм. Дашрамд өгүүлэхэд энэ нь “шарын шашин”-ыг “Монгол үндэсний шашин” хэмээн зарим хүмүүн ойлгох болсонтой агаар нэгэн гэж болно.

Одоогийн манай мөрдөж буй билгийн тооллын арга 1027 оноос үүдэлтэй агаад бид өмнө нь түүнийг Монголтойгоо шууд холбон ойлгож ирсэн нь дээрх алдаанд хүргэснийг өгүүлэх нь илүүц биз. Гэтэл үнэндээ тэр нь түүнээс бүр өмнө үүдсэн зүйл бөгөөд 1027 онд Монголд нэвтэрсэн ч юм биш. Харин Энэтхэгийн мэргэдийн зохиосон Калачакра буюу "Цагийн хүрдэн" хэмээх литийг орчуулан Түвдэдээ нэвтрүүлж эхэлсэнээс үүтгэлтэй ажээ. Тэрхүү тооллын тогтолцооны гол онцлог нь эртний нүүдэлч, малч аймгаас үүдэлтэй 12 жилийн нэр хэлбэрийг авч, самгардиас равжун /жаран/ болон таван махбод, эр эм хүйсээр жилүүдийг ялгадаг аргыг тусган, түвдийн өндөрлөг байгалийн онцлогийг харгалзан тооцож жилийн эхийг өвлийн тэргүүн cap гэж үзэж хулгана сарыг эхлүүлсэнд оршиж байв.

Лавшруулан өгүүлэхэд билгийн тоолол Монголд 1027 онд нэвтрээгүй, Монголтой огт хамаагүй зүйл юм. Түүхч, зохиолч Н.Нагаанбуу тэргүүтэн судлаачдын тодорхойлсноор нанхиад гаралтай шар зурхай нь манжийн төрийн эзэгнэлээр Монголд 1704 оноос, түвдээс уламжлалтай "Төгс-буянтын лит" нь 1789 оноос тус тус нэвтэрч эхэлсэн түүхтэй ажээ. Тиймээс 1700 оноос өмнөх Монголын түүх судар, ялангуяа Монголын нууц товчоонд дурьтгаж буй он цагийг харьцуулсан хувиргалт хийлгүйгээр шууд "Төгс буянт"-ын юм уу "Шар зурхай"-н алиныг ч баримталж бичиглэн тодорхойлох үндэсгүй байна.

Монгол тоолол нь улирал болон өдрөө нарны тооллоор, тэндээс эхлэх сарын хугацааг тэнгэрийн сараар, шөнийн хугацааг од мичдийн байрлал хөдөлгөөнөөр тооцдог иж бүрэн шинж тэмдэг дохионд үндэслэдгээрээ билгийн болон аргын тооллоос ялгамжаатай ажээ.

Монгол тооллын шинэ он нь намар эхэлдэг байсан нь бодитой зүйл. Лавтайяа XVIII зууныг хүртэл жилийн эхнийг тийнхүү намар тэмдэглэдэг буюу тоогоор өгүүлвэл жилийн эхэн-1 дүгээр cap нь одоогийн нийтийн тооллоор бол 9 дүгээр сард тохиодог байж. Харин тэр үед Зүрчиний Алтан улс, Хан үндэсний Сүн улс одоогийнх шигээ өвлийн улирлын 2 дугаар сард шинэлдэг байж. Хоёр өөр тооллын он цагийн илтэд зөрүүтэйг өгүүлсэн домог түүх ч бий. Тэрхүү домогт: "Чингис хаан Алтан улстай 5 сард хүч үзье хэмээн болзоо тогтоож гэнэ. Тэгээд Алтан улсынхан бэлтгэлээ хангаж завдаагүй байсан 1 сард нь Чингис хаан дайран оржээ. Алтан улсын хаан ихэд сандарч: -Таван сард дайтахаар тогтсон биш билүү? Оны эхэнд нийтээр баясаж цэнгэн бүхий 1 сард яагаад байлдаан үүсгэв? гэж элч илгээн асуулгажээ. Тэдэнд Чингис хаан: -Манай Монголчууд намар шинэлдэг, энэ бол болзсон 5 cap мөн. Адуу мал турж эхэлсэн, агаар тэнгэр хүйтэн ч зорьж ирэв. Одоо чамтай байлдах ёстой гэжээ. Тэгээд санамсаргүй байсан Алтан улсыг ихэд мохоон ялсан" хэмээн өгүүлдэг. Хэдийгээр энэ нь домог боловч үнэн амьдралаас эхтэй нь илэрхий бөгөөд Алтан улсын ихэс дээдэс Монголчуудын шинэ он намар эхэлдгийг саналгүй ихэмсэглэснээс ялагдсаныг тодорхой дурджээ.

Мөн одоогийн түүх бичлэгтээ хэрэглэж буй тооцоо, тоолол маань мадагтай болох нь сурвалж судалгааны явцад ч анзаарагддагийг хэлэх ёстой. Ганц жишээ л гэхэд Чингис хаан Алтан улстай анх 1211 оноос дайтаж эхэлсэн гэж гадаад, дотоодын түүхийн судалгааны бүхий л зохиол, бүтээлд бичсэн байдаг. Гэтэл "Алтан гүрний судар" хэмээх Зүрчидийн түүхэн сурвалжид 1210 онд Монголчууд довтолж эхэлсэн гэж тов тодорхой өгүүлсэн байна. Энэ бол бид түүхийн он цагийг тогтоон тодотгохдоо хуудуутай арга хэрэглэж буйн нэгээхэн нотолгоо гэж болно.

Нөгөө талаар энэ мэт зөрөө ялгаа нь дээрх домогт дурдсанчлан Монгол тооллын учрыг үл ухаарснаас Хятадын өвөг дээдэс самууран ялагдсан лугаа адил бид ч мөн үл ухварлан төөрөгдөж буйн илэрхийлэл гэлтэй.

Дээр өгүүлсэнчлэн жилийн эхнийг Монгол болон түвд, хан үндэстэн намар, өвөл хоёр өөр цагт тэмдэглэдгээс гадна cap бүрийн нэр нь ч одоогийн билгийн тооллынхоос өөр байгаа нь Монголчууд өөрийн гэсэн өвөрмөц тоололтой асаныг батлах бас нэг баримт. Монгол тооллын улирал нь нарны замаар тодорхойлогддог тул өдөр, шөнийн инцэл болох өнөөгийн тооллын 9 дүгээр сарын 22-нд намрын тэргүүн "Хувь cap буюу Монголын 1 дүгээр сар" гарснаар тооцдог байж. Үүнээс улируулан тооцвол монгол тооллын 2 дугаар cap буюу "Хужир сар" нь одоогийн 10 дугаар сараас, "Өөлжин хэмээх 3 дугаар cap" нь өнөөгийн 11 дүгээр сараас, "Хөхүй хэмээх 4 дүгээр cap" нь 12 дугаар сараас гэх мэтчилэн дэс дараалан үргэлжлэх саруудыг "Улар", "Ойр", "Гур", "Буга", “Хуц", “Халуун", “Хөглөр", "Бороон" гэж нэрлэдэг байна.

Чингээд бодохул Монголын нууц товчооны төгсгөлд "Хулгана жил гурван сард Хэрлэний хөдөө арлын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусав" гэснийг "Хулгана жилийн, одоогийн Григорийн тооллоор бол 3 дугаар сард" гэж ойлгох ёстой байна. Нөгөөтэйгүүр энл “Гурван сар” хэмээх нэр гарч буй нь Монголын нууц товчоонд дурдагдан буй үйл явдлын он цаг Монгол тооллоор тодорхойлогдсон болохын хөдөлшгүй нотолгоо юм.

Тэгэхээр бид гагц Монголын нууц товчоог бичиж дуусгасан он цаг төдийгүй, ерөөсөө Монгол нутагт Монгол тооллоо хэрэглэж байсан бүхий л үеийн түүхэн үйл явдлын он цагийг, тухайлбал билгийн тооллоор он цагийг тодорхойлох болсон XVII-XVIII зууныг хүртэл түүхэн үйл явдлын он цагийг эргэн нягтлах шаардлагатай болж байна. Энд Чингис хааны төрсөн он цаг ч мөн хамаарна.

Их хааны төрсөн оныг судлаачид 1154, 1155, 1161, 1162, 1167 гэж таван өөрөөр ярьж бичиж, тэмдэглэж ирсэн. Төрсөн cap, өдрийг нь ч мөн үндэслэлгүй, солгой ташаа мэдээ бичвэрт дулдуйдахын хамт мөнхүү нанхиад, түвд тооллын аргаар бодож "4 дүгээр сарын 16", "5 дугаар сарын 3", "5 дугаар сарын 31" гэх мэтээр тодорхойлж ирсэн билээ. Гэтэл Их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг Монголчууд өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд найман зууны турш тэмдэглэсээр ирсэн уламжлал одоог хүртэл хадгалагдсаар ирсэн байна. Тухайлбал, Хубилай сэцэн хааны зарлигаар тогтоосон "Дөрвөн цагийн их хурим"-ын нэг нь "Тасман тайлга" нэртэй бөгөөд түүнийг Чингис хаан Тэмүжиний хүйсийг тасмаар боож, хөөнцөг (нялхсын хүйс) нь цөшлийдсөн өдрийг тохиолдуулан хийдэг буюу Чингис хааныг төрсөн даруйд дулаан өлгий хийж онгон ямааны арьсан тасмаар боож мялаасныг дурсгаж тийн "Тасман тайлга" гэж нэрлэсэн ч гэдэг.

Юутай ч Ордос дахь Чингис хааны онгоны дархдуудын гүйцэтгэх ёстой нэн чухал ажил үүргийн нэг нь энэ тайлга байж, тэд ч ногдсон үүргээ үнэнчээр биелүүлж, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн гурванд тэрхүү их тайлгыг үл тасалдуулан гүйцэтгэсээр иржээ. Ер нь Чингис хаан "өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд (гурванд) төрсөн" гэж олон сурвалжид тэмдэглэсэн байх бөгөөд судлаач Н.Нагаанбуу тэр бүхэнд түшиглэхийн зэрэгцээ Монгол цаг тооллын учир шалтгааныг тунгаан олон жил судалж нягталсныхаа үндсэн дээр эзэн Богдын төрсөн өдрийг "1161 оны морь жилийн өвлийн тэргүүн сарын 3 буюу Григорийн тооллын 12 дугаар сарын 24" хэмээх гаргалгаа хийсэн нь бодитой тодорхойлолт гэж үзэж байна. Энэ саналыг академич Ч.Далай, Н.Ишжамц. доктор профессор Д.Базаргүр зэрэг эрдэмтэд дэмжсэн байдаг.

Эцэст өгүүлэхүй, билгийн тооллыг 1027 оноос Түвдэд хэрэглэх болсоныг Монголд мэтээр ташаарч байсныг залруулан, Түвд, Нанхиад тооллын арга дэлгэрээгүй байсан үеийнхээ түүхийг Монгол үндэснийхээ цаглабарт тулгуурлан нягтлан шүүж тодотгох цаг нэгэнт болсон. Их хааны төрсөн он сар өдрийг зарлигаар ёсчлохын ач холбогдол энд оршино.

Ж.Базарсүрэн

No comments:

Post a Comment