2013-03-14

Грекийн хямрал үүссэн шалтгаан ба 20 жилийн дараа та ямар Монгол Улсыг хүсч байна вэ?

Грекийн хямрал үүссэн үндсэн шалтгааныг энэ удаад хялбаршуулсан байдлаар тайлбарлах гэж оролдохоор шийдлээ.

Нэг жирийн айл байлаа гэж үзье. Гэр бүлийн гишүүд болохоор эхнэр, нөхөр, 2 хүүхэд. Уг айлын жилийн орлого 100 төгрөг. Энэ айлын хувьд хоёр идэхгүй, хоосон хонохгүй байхад хангалттай мөнгө. Гэвч амьдралаа улам бүр дээшлүүлэхийн тулд уг айл машин авахаар шийдлээ. Машины үнэ 50 төгрөг. Машин авсанаар унааны зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна таксиний үйлчилгээ эрхлэн илүү орлого олох боломжтой болно гэж нөхөр гэр бүлийн гишүүдээ ятгав. Уг айлд одоо бэлэн мөнгө байхгүй болохоор 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй 50 төгрөгний зээл авав.

1 жил өнгөрлөө. Машин аваад олсон орлого, гарсан зардалтай тэнцсэн учраас нөхөр хэрхэн амласан нэмэлт орлогоо гэр бүлийнхэндээ харуулах вэ гэж гайхшран сууна. Бас нэмж зээлийн хүү болох 4 төгрөг төлөх ёстой байдаг. Шийдэл болохоор дахин 10 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй 50 төгрөгний зээл авах.

Нөхөр санхүүгийн тайланг бахархалтайгаар гэр бүлийнхэндээ тавив. "Энэ жил манайх 150 төгрөгний орлоготой байлаа. Энэ бүхэн миний машин авна гэсэн гайхалтай санааны үр дүн байлаа. Мэдээж уламжлалт зардал 100 төгрөг + 4 төгрөг (зээлийн хүү) боллоо" гэж нөхөр инээмсэглэл тодруулан зарлав. Үүний дараа гэр бүлийн гишүүд асуулт тавихаас өмнө хүн болгонд 12 төгрөгт багтаан шоколод өгөх болсоныг мөн мэдэгдэв. Гэр бүлийн гишүүд баяр хөөртэйгээр алга ташив.

Эхний жилийн эцсийн зардал:

Уламжлалт 100 төгрөг
 +
4 төгрөг (нийт зээлийн хүү)
 +
шоколадны 12x3=36 төгрөг
 +
10 төгрөг (нөхөр өөртөө урамшуулал болгон авахад гэр бүлийн гишүүд юу ч хэлсэнгүй)
 =
Нийт 150 төгрөг

Жил болгон иймэрхүү маягтай явсаар байгаад 10 жилийн дараа анхны зээлийн 50 төгрөгөө төлөх цаг ирлээ. Орлого 100 төгрөг хэвээрээ, гэтэл гарч болох зардал!

Уламжлалт 100 төгрөг
 +
4x10=40 төгрөг (нийт зээлийн хүү)
 +
50 төгрөг (анхны зээл)
 =
Нийт 190 төгрөг

Нөхөрт шоколад болгож өгөх мөнгө үлдсэнгүй. Хэрвээ дампуурлаа зарлахыг хүсэхгүй бол уг айл дахин 90 төгрөг олох хэрэгтэй боллоо. Нөхөр гунигтайгаар гэр бүлийнхэндээ ингэж хэлэв: "Хэрвээ бид нар гудамжинд гарахыг хүсэхгүй бол жилд 10 төгрөгөнд багтааж амьдрах хэрэгтэй боллоо. 10 төгрөгөнд багтаж амьдарна гэж байхгүй болохоор дахин уламжлал ёсоор 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн 50 төгрөгний зээл авахаас гадна энэ удаад 60 төгрөгөнд багтааж амьдрахаас өөр аргагүй боллоо." Гэр бүлийн бусад ууртайгаар эсэргүүцлээ илэрхийлэв. Нөхөр хариуд нь: "Та нар өнгөрсөн 10 жилд жил болгон шоколад идээ биз дээ? Ижилхэн тансаглачихаад одоо надад бүх бурууг чихэх шаардлагагүй. Эсвэл бүгдээрээ гудамжинд гарах юм уу?" гэж хилэнтэйгээр хашгирав. Үүний дараа гэр бүлийн бусад гишүүдэд хэлэх үг үлдсэнгүй. 

Ийнхүү энэ айл жил болгон зээлийн хүүд 40 төгрөг төлөн гудамжинд гарахгүйн тулд насаараа 60 төгрөгөнд багтаан амьдрахаас өөр аргагүй боллоо. Хэрвээ жилийн зардалаа 60 төгрөгөөс багасгаж чадвал энэ айл хэзээ нэгэн цагт зээлээ төлж дуусах байх. Гэхдээ үүнд их хугацаа шаардагдана.

Миний авсан энэ жишээнд уг айл 10 жилийн дараа ямар асуудалд орсоноо мэдлээ. Нөхөр хэрвээ нуугаад цааш үргэлжлүүлсэн бол жилийн 8 төгрөгний хүү төлөх 10 жилийн хугацаатай 100 төгрөгний зээл авахаас өөр сонголт байхгүй болно. 20 жилийн дараа байдал улам бүр хүнд болно. Зээлийн хүү 8х10=80 төгрөг ба 11-дэх зээлийн 100 төгрөг төлөх ёстой. Энэ айл орлогын 100 төгрөгөө зээлийн 100 төгрөгт төлөөд үлдсэн зээлийн хүүний 80 төгрөгний ямар нэгэн аргаар олох хэрэгтэйгээс гадна амьдрахын тулд өөр мөнгө олох хэрэгтэй болж байна.

Грекийн хувьд үүнийг барагцаагаар 20 жилийн дараа мэдсэн болохоор одоо асар их төлөөс төлж байна. Манай улс одоогийн байдлаар бол яг Грекийн замналаар явж байна. Грекээс долоон дор ч гэж хэлэхэд буруудахгүй байх. 20 жилийн дараа та ямар Монгол Улсыг хүсч байна вэ?
  • Грек шиг хамаг олсон орлогоо зээлийн хүүд төлөн хамаг үнэтэй цайтай юмнуудаа гадныханд бараг үнэгүй шахуу өгөхөөс өөр аргагүй байдалд орсон улс
  • Эсвэл олсон орлогоо ард иргэдийнхээ төлөө зарцуулах боломжтой ямар ч өргүй улс

No comments:

Post a Comment