2013-03-29

Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй зүйлс юу вэ? (1-р хэсэг)

Уншигчдаа анхааруулахад би бол мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг судлаач оюутан бөгөөд энэ бичлэгт өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн болно.

Үндэсний аюулгүй байдал гэхээр зэвсэгт хүчин, гадаад харилцаа гэх мэт зүйлсийн талаар хамгийн түрүүнд ихэнхи хүмүүс бодох байх. Мэдээж улс эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахад энэ бүхэн чухал боловч үүнийг эцсийн эцэст улсын иргэн буюу "хүн" хийдэг гэдгийг мартчихдаг. Иргэн хүний "өрсөлдөх чадвар" өндөр байх тусам манай улс илүү хөгжилтэй, илүү аюулгүй байх болно.

"Өрсөлдөх чадвар" өндөртэй байхын тулд эхлээд иргэн хүн өөртөө итгэлтэй байх ёстой. Өөртөө итгэлтэй байхын тулд ямар нэгэн зүйлээр манай улс бахархдаг байвал тун зүгээр. "Дэлхийд Монгол Улс ямар зүйлээрээ бахархаж болох вэ?" гэсэн асуулт асуувал та бүхэн, бидний хойч ирээдүй болсон дунд сургуулийн сурагчид ямар хариулт өгөх бол?

Харин Япончууд ямар хариулт өгсөнийг сонирхоцгооё. (2010 оны 11-р сард 5-аас 9-р ангийн 200 эрэгтэй ба эмэгтэй сурагчаас авсан судалгаа. Эх сурвалж: Японы эдийн засгийн бичиг баримт 2011 оны 1-р сарын 22)

45 сурагч: Шударга ба хөдөлмөрч ард түмэн
43 сурагч: Үйлдвэрлэл технологи
27 сурагч: Мэдэхгүй
24 сурагч: Амьдрахад аюулгүй газар
15 сурагч: Жилийн улирлууд ба байгаль
14 сурагч: Хоол. Жишээлбэл, Суши.
13 сурагч: Түүх ба соёл
13 сурагч: Манга ба аниме
12 сурагч: Байхгүй
4 сурагч: Бүх юм бэлэн сайхан нийгэм

гэж тус тус хариулсан байх юм.

Манайх бахархах зүйл ихтэй улс боловч сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа сөрөг муу мэдээлэл, "муухай монгол хүн"-ий талаар бичих болсон байна. Үүнийг уншиж байгаа хүүхдүүд ямар ойлголт авах вэ? "Монгол хүн бол муу хүн байдаг юм. Харин гадаад хүн бол монгол хүнээс илүү сайн хүн байдаг" юм байна. Энэ санаатай ч юм уу санаандгүй бодлогын үр дүн аль хэдийн гараад эхэлжээ. Зарим хүмүүс гадаад хүнтэй суухыг хүсч байхад, зарим нь монгол гэдгээсээ ичин гадаад уруу цагаачилдаг болчихоод байна.

Энэ асуудлыг шийдэх шийдэл бол миний бодлоор бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дан сөрөг мэдээллээ цацахаа болиж, эх орондоо болон гадаадад амжилттай яваа монголоо гэсэн сэтгэлтэй иргэдээ сурталчлах юм. Гол хүмүүсийн санаанд илгээх мессаж бол "Монгол хүн дэлхийн аль улсын хүнээс дутахгүй. Хөдөлмөрлөвөл бүхнийг хийж чадна!" байх болов уу.

----------------------------------------------------------------------------------------

Дараагийн асуудал бол нийгэм дэх хөрөнгийн тэгш бус хуваарилалт юм. Энэ талаар news.mn дээр сайхан тодорхойлж бичсэн байна:

"...Хамгийн ойрын жишээ гэхэд банкин дахь нийт харилцах, хадгаламжийн 90-ээс дээш хувь нь 4-5 хүний гарт төвлөрсөн гэх баримт бий. Энэ байдал хөрөнгийн зах зээл, банк санхүү, барилга, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбарт ажиглагдана. Энэ тохиолдолд тэдгээр 4-5 хүн, тэдний гэр бүл баяжихын хэрээр улсын татварын орлого, ДНБ-ий хэмжээ нэмэгдээд байгаа юм. Нөгөө талд нь ард түмний ихэнх хэсэг нь ядуу, ажилгүй, орлогогүй хэвээрээ байх аж.

Ядаж байхад цөөн хэдэн хүмүүс мөрөөрөө баяжихгүй улсын эдийн засаг хаашаа эргэхийг хүссэнээрээ "удирдах" аж. Энэ тал дээр нефть бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдлөөр жишээ татаж болно. Нефть импортлогч компаниудын эзэд гэх цөөн хэдэн хүмүүс үнэ нэмэгдүүлнэ шүү гэж төрийг шантаажлах..."

Хэрэв байдал иймэрхүү маягаар байвал цаашид манай улсад тогтворгүй байдал үүсэх магадлал маш өндөр байна. Тогтворгүй байдал үүснэ гэдэг маань манай улс үндэсний аюулгүй байдлаа хангаж чадахаа болино эсвэл тэр чадвар нь муудна гэсэн үг.

Энэ асуудлыг шийдэх шийдлийн талаар их олон эдийн засагч, сэтгүүлчид бичсэн болохоор миний бие бичихээ болилоо.

No comments:

Post a Comment