Дөнгөж саяхан 2 хувь гэсэн нэртэй видео үзлээ. Видеоноос үзэхэд 100,000 айлын орон сууц барих ба хот болон аймгийн төвүүдийг холбосон зам тавихад нийт 12,8 триллион төгрөг хэрэгтэй ажээ. Манай улсын 2012 оны төсвийн зардал барагцаагаар 6,309.4 тэрбум төгрөг байсан бөгөөд жил болгон төсвийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэж үзвэл ~2 жилийн улсын төсвийн зардлаа өөр юунд ч зарцуулахгүй хадгалах юм бол бид нар 12,8 триллион төгрөгтэй болж үүнийг хийх боломжтой болно. Энэ их мөнгийг босгох өөр нэг арга бол стратегийн ордуудаа барьцаалан "зээл" тавих юм байна. Учир нь манай нийт стратегийн орднуудын үнэлгээний 2% нь 12,8 триллион төгрөгтэй тэнцдэг юм байна.
Энэ төсөл хэрэгжвэл энгийн ард иргэдийн амьдрал хэрхэн сайхан болохыг видео бичлэгээс харсан боловч дараах асуудлуудын талаархи хариулт байхгүй байв:
- Яаж энэ их мөнгийг эргүүлж төлөх вэ? Төлж дийлэхгүй бол стратегийн ордуудаа "гадныханд" бэлэглэнэ гэсэн үг үү?
- 100,000 айлын орон сууц барихаас гадна эдгээрийг дэмжих цахилгаан станц, бохирын шугам шаардлагатай. Үүнийг барих мөнгө дээрхи зардалд тусгагдсан уу?
- Улаанбаатар хотод усны асуудал хүнд байгаа. Хотын 1 сая гаруй хүнийг одоогийн усны нөөцөөр хэдэн жил тэжээж дийлэх вэ? Усны нөөц хүрэхгүй бол орон сууцнуудаа хаяад өөр газар луу нүүх үү? Эсвэл хол голоос ус татах уу?
- Энэ төслийн бүх мэдээлэл ард иргэдэд нээлттэй, ил тод байж чадах уу?
Мэдээж бусдыг шүүмжлэх амархан болохоор үүнтэй төстэй өөрийн нэгэн саналыг дэвшүүлье. Улаанбаатар хотод байгаа нэгэн төрийн их сургуулийг хотоос 30-80 км зайтай газарт голын ойролцоо нүүлгэх.
- Улаанбаатар хот ба тэр газрын хооронд сайн засмал зам тавина.
- Тэнд 100,000 хүн амьдрах боломжтой орон сууцыг дэмжих цахилгаан станц, бохирын шугам байгуулах
- 20,000 багш, оюутан амьдарч сурч болохоор орон сууц барих
- Мэдээж тэр хүмүүс чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх газар хэрэгтэй. Тиймэрхүү газар байгуулах ажлыг хувийн хэвшлийнхэнд тендер зарлах замаар хийлгүүлэх боломжтой.
- Мөн цагдаа, галын алба, эмнэлэг хэрэгтэй.
- Тэнд ажилладаг хүмүүсийг байрлуулах орон сууц хэрэгтэй.
- Улаанбаатар хот ба тэр суурин хоёрын хооронд байнгын нийтийн тээвэр ажиллана. Зам сайтай болохоор хавар, зун, намар унадаг дугуй ашиглан хүмүүс зорчиж болно. Хүмүүс их явдаг болвол замын дагуу үйлчилгээний газрууд нээгдэнэ.
- Ингээд бид нар Улаанбаатар хотоос бараг 30,000 хүн нүүлгэчихлээ.
- Хуучин их сургуулийн газрыг орон сууцжуулахад ашиглах боломжтой. Ямар нэгэн газрын маргаан гарах ёсгүй.
- Улаанбаатар хоттой ойрхон ба дэд бүтэц сайн болохоор тэнд цэвэр агаарт амьдрах хүсэлтэй хүмүүс нүүнэ.
Үүнийг хэрэгжүүлэхэд заавал тэгж их хэмжээний "зээл" тавих шаардлагагүй болов уу. Яагаад гэвэл хуучин их сургуулийн газар орон сууц барих, шинэ сууринд орон сууц барих тендер зарлан мөнгө босгох боломжтой.
Ер нь бол заавал бүгдийг нэг дор нүүлгэх албагүй бөгөөд эхлээд 1,000 оюунтай нэг их сургуулийн салбар сургуулийг (барилгын сургууль ч юм уу) нүүлгэж болно. Мөн 5,000 хүний орон сууцыг дэмжих боломжтой цахилгаан станц ба бохирын шугам барьж болно. УИХ-ын гишүүдийн 1 тэрбум төгрөгийг жишээлбэл үүнд ашиглавал хангалттай хүрэх болов уу.
Эцэст нь хэлэхэд аливаа юманд сэтгэл байвал шийдэл бол олдож л таараа.
No comments:
Post a Comment