------------------------------------------------------------------------------------------------------
1996
VLAD хэмээх устгагчдын (cracker) бүлэг анхны Линуксын вирус болох Staog бичжээ. Вирус нь Кернелийн алдааг ашиглан компьютер дээр байнга ажиллан бинари файл ажиллахыг хүлээх бөгөөд хэрэв бинари ажиллавал өөрийгөө уг файлд хавсаргадаг байв. Вирус гарсанаас хойш удалгүй Кернелийн алдааг зассанаар энэ вирус байхгүй болжээ. Мөн энэхүү VLAD хэмээх бүлэг анхны Виндоус 95 вирус болох Боза-г (Boza) зохиосон юм.
1997
Блисс хэмээх компьютерын вирус гэнэт гарч ирэв. Вирус нь системийн гүйцэтгэх эрх бүхий файлуудад өөрийгөө хавсарган ажиллах боломжгүй болгодог байна. Хэрэглэгч рүүт (root) эрхтэй байж байх үед энэ вирус халдварлагдах бөгөөд Дебиан одоо хүртэл энэ вирусээр халдварлагдах боломжтой байна. Рүүт эрхтэй хэрэглэгчээ байнга ашигладаггүй хэрэглэгчдийн хувьд энэ вирусийн учруулж болох аюул бага юм.
1999
Энэ жил ямар нэгэн ноцтой вирус илрээгүй боловч аюултай вирус гадуур тархсан байна гэсэн цуу яриа дэгдсэн байна. Тухайн үед Мелисса (Melissa) хэмээх вирус дэлхий даяар өргөн тархсан байсан бөгөөд 1999 оны 4-р сарын 1-нд Туксисса (Tuxissa) хэмээх нэртэй вирус өөрийгөө нууцаар Линукс дээр суулгаж байна гэдгийг анхааруулсан захиа нийтэд түгжээ.
2000
Хохирол бага учруулдаг Virus.Linux.Winter.341 хэмээх вирус гарсан ба энэхүү вирус нь өөрийгөө зөвхөн ELF файл (ELF файл гүйцэтгэх эрхтэй) дээр нэмдэг байв. Энэ вирус 341 байт хэмжээтэй буюу их жижигхэн хэмжээтэй байсан бөгөөд LoTek by Wintermute гэсэн текстийг ELF файлийн тэмдэглэлийн хэсэгт оруулдаг байна. Вирусний үндсэн зорилго компьютерийн нэрийг LoTek by Wintermute гэж өөрчлөх байсан боловч энэхүү өөрчлөлтийг хийж чадахуйц эрхийг компьютер дээр хэзээ ч авч чаддаггүй байжээ.
2001
Энэ жил Линуксийн вируснүүдийн хувьд түүхэн жил байв. Эхлээд ZipWorm хэмээх гүйцэтгэгдсэн хавтсандаа байгаа зип өргөтгөлтэй файлд өөрийгөө хавсаргадаг аюул багатай вирус гарчээ. Дараа нь Satyr хэмээх аюул багатай вирус гарчээ. Энэ вирус нь өөрийгөө ELF файлд хавсарган unix.satyr version 1.0 (c)oded jan-2001 by Shitdown [MIONS], http://shitdown.sf.** (бүрэн холбоосыг тавьсан үед Аваст блоклож байсан учраас товчлов.) гэсэн мөрийг нэмдэг байв. Түүнчлэн Рамен (Ramen) гэсэн вирус гарсан бөгөөд энэ вирус нь index.html файлыг өөрсдийн Ramen Crew гэсэн мэдээллийг дээр, Ramen Noodles гэсэн пакеж-ийг (package) доор харуулах файлаар өөрчилдөг байв. Үүний дараа Бяслаг (Cheese) хэмээх нэртэй Рамен вирусээс болж үүссэн орон зайг хаадаг өт (worm) гарч ирсэн байна. Ерөнхийдөө энэ жил нэлээн хэдэн аюул багатай вирус гарсан юм.
2002
Апаче (Apache) дээр гарсан алдаанаас болж "Mighty" хэмээх өт зохиогдон тархсан. Өт нь Апаче-гийн SSL интерфэйс дээрхи хэврэг байдлыг ашиглан сэжиг аваагүй байгаа хохирогчийн компьютер дээр суудаг болно. Нэгэнт компьютерт суусан бол IRC сервер лүү нууц холболт үүсгэн нэгэн суваг руу холбогдон илгээх коммандыг хүлээдэг байна.
2003
Райк (Rike) хэмээх нэгэн аюулгүй вирус энэ онд гарчээ. Ассемблер хэл дээр бичигдсэн энэхүү вирус нь өөрийгөө ELF файлд хавсаргадаг байна. Хавсаргагдсаныхаа дараа вирус файлын хэмжээ ихэсгэх ба хоосон зайн дээр нь RIKE гэж бичдэг.
2004
Өнгөрсөн жилийнхтэй нэгэн адил файлын хэмжээг ихэсгэн, "[ Cyneox/DCA" хэмээх мөрийг сул зайн дээр бичдэг Вином вирус шинээр бий болсон. Халдварлагдсан файлыг ажиллуулах замаар энэ вирус тархдаг байна.
2005
Хэврэг Линуксийн вэб серверүүдээр Луппер (Lupper) хэмээх өт тархаж эхэлсэн байна. Энэхүү өт нь тодорхой URL-ийг хайн вэб сервер лүү халдах ба үүний дараа алдаа гарч болохуйц PHP/CGI скриптийн сул талыг ашиглах гэж оролдоно. Хэрэв серверт алсаас комманд ажиллуулах, файл татах боломжтой бол сервер нь халдварлагдах ба дараагийн серверт халдварыг тараахаар хайж эхэлнэ.
2006
2002 оны "Mighty" өтний нэгэн хувилбар болох Кайтен бий болсон байна. Энэхүү өт нь IRC суваг руу холболт үүсгэн, комманд илгээхийг хүлээж байдаг болно.
2007
ОпенОффис дээр гарсан алдаанаас болж БэдБанни (BadBunny) хэмээх вирус тархаж эхэлжээ. Энэ вирус нь Виндоус, Мак, Линукс машинуудад халдварлагдах чадвартай болно. Энэ вирус нь badbunny.py гэсэн нэртэй XChat скрипт файл үүсгэхээс гадна badbunny.pl гэсэн бусад Perl файлуудад халдварлагдах чадвартай Perl файл үүсгэдэг байна. Мөн түүнчлэн Рексов хэмээх нэртэй "троёнчуудын морь" (вирусийн ангилал) гарчээ. Компьютерт орсон л бол алсаас код гүйцэтгэх боломж бүхий хаалгыг нээдэг байна.
2009
Гноме хэрэлэгчдийн дэлгэц хамгаалах програм болон бусад ойролцоо төрлийн програмуудыг татах боломжийг олгодог вэб сайт УсанХүрхрээ (Waterfall) хэмээх дэлгэц хамгаалагч програмыг мэдэлгүйгээр байрлуулжээ. Энэ вирус нь компьютерт суувал компьютерээс үйлчилгээнд саад учруулах халдлагыг хийх (DDOS) боломжийг олгодог байна. DDOS халдлагын гол бай нь маш тодорхой буюу MMOwned.com байв.
2010
Олон нийтийн сүлжээний сайтаар дамжин тархсан Күбфэйс (koobface) вирус нь Виндоус, Макийг гол байгаа болгож байсан боловч сүүлийн хувилбаруудаас Линукс компьютерүүд рүү халддаг болсон байна. Халдварлагдсаны дараа FTP болон олон нийтийн сүлжээний сайтын нэвтрэх мэдээллийг цуглуулахыг вирус оролддог байна. Нууц үгийг тань олж авсаны дараа таны олон нийтийн сүлжээнд байгаа бүх найзууд руу чинь халдварлагдсан захиа илгээдэг юм.
Дүгнэлт
Үүгээр бүх Линуксийн вирусийн жагсаалт дуусахгүй боловч энэ жагсаалтанд голлох вируснүүдээс дурдсан болно. Эндээс Линукс дээр байдаг ихэнхи вирус ерөнхийдөө аюулгүй болох нь харагдана. Гэвч үүнээс огт байхгүй гэсэн дүгнэлтийг хийж болохгүй. Интернетээс юу татаж байгаа болон хаагуур зочилж байгаад та анхаарал хандуулсанаар вирусээс бараг сэргийлж чадах болно. Хааяа вирусийн хайлт хийхэд ч мөн гэмгүй.
No comments:
Post a Comment